Monday, October 8, 2007

I am going home

Гэрээс гараад уджээ. 3 жил хагас гэдэг богино мэт сонсогдовч ид хийж бүтээж, бужигнуулж явах залуу насныхаа багагүй хэсгийг Америк хэмээх нэр нь сайхан ч, нидэр дээрээ хатуухан энэ газар ёстой л "сүүлнээс өөр ташуургүй, сүүдрээсээ өөр нөхөргүй" өнгөрүүлчихдэг юм байна. Энд тоотой хэдэн танил байвч бүгд л ажил, мөнгө гэж санаа зовсоор хааяа баяр ёслолоор нэг уулзалдах юм даа.

Зарим хүмүүс гадаадад гарсан болгон бөөн мөнгө өвөртөлж харих ёстой мэт ойлгоно, би ч бас дээхэн үед Германд гэр бүлээрээ байсан ахыгаа мөнгийг уут уутаар нь олж байгаа гэж боддог л байлаа. Хүн зорилгодоо хүрэхийн тулд нилээд зүйлсийг золиосолж, нилээд боломжуудаас түдгэлзэх хэрэгтэй болдог бололтой. Би л гэхэд өнөөгийн энэ түвшинд хүрэх гэж олон ч зүйлээс татгалзсан даа, мөнгөний ажил хөөе гэхээр хичээл сургууль хоцрогдчих гээд, номоо уншаад суух гэхээр ходоод хоол, бие хувцас хунар нэхээд. Тэгээд эхийг нь эцээж, тугалаа тураачихгүйн тулд аль алийг нь тэнцүүлэх хэрэг гарсан.

Тэгээд энэ хичээл зүтгэлийг минь Бурхан харж үнэлсэн үү, эсвэл хөөрхий амьтныг өрөвдсөн үү ямар ч гэсэн авахаар хөөцөлдсөн бичиг баримтууд ямар ч саадгүйгээр бүтээд л байсан. Үүнд, хамгийн түрүүн банкинд данстай болсон, нийгмийн даатгалын дугаар авсан, сургууль дотроо долоо хоногт 20 цаг ажиллах эрх авсан, зээлийн картуудтай болж өөрийн гэсэн зээлийн түүх үүсгэсэн, ажиллах эрхээ 40 цаг болгож нэмэгдүүлсэн, жолооны үнэмлэхтэй болсон, анх удаа цоо шинэ машин зээлээр авсан (харамсалтай нь хэсэг унаж байгаад аваарт орж машинаасаа салсан, хэдий ноцтой аваар байсан ч эд эрхтэн бүтэн, амь мэнд, санхүүгийн тал дээр хохиролгүй гарсан минь хамгийн том аз) мэдээж гэрийн даалгавруудаа хийж шалгалт шүүлгээ амжилттай давсан, ажиллаж байгаа газраа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж тушаал дэвшсэн, хамгийн сүүлд гэхэд ажлын визээ авч "оюутан" гэдэг статусаа "түр ажилчин" болгуулж чадсан гээд л нилээн л юм болж өнгөрсөн байна. Мэдээж тэр болгоныг дурдана гэвэл барагдахгүй, ерөнхийдөө ийм л дүр зураг харагдаж байна.

Гэхдээ үүнээс илүү хийх ёстой чухал зүйлс ард минь хүлээж байгаа. Ямар ч байсан гэртээ л харьж бие болоод сэтгэлээ эрч хүчээр цэнэглэж авах минь.

No comments: