Saturday, October 20, 2007

Хагас сайн

Бямба гариг бол миний хувьд нэр нь л хагас сайн болохоос нидэр дээрээ жирийн нэг ажлын өдөр болоод удаж байна. Одоо ингэсхийж байгаад босож ажилд явах бэлтгэлээ хийнэ дээ. Тэгээд бүтэн өдөржин америкийн ард түмний нэгээхэн хэсгийг "хир буртагаас нь салгаж, тоосыг нь гөвөх" ариун үйлсэд борви бохисхийлгүй зүтгэнэ дээ.
Өчигдөр орой нилээн усархаг ширүүн бороо орсон, харин одоо сэрүүвтэр боловч нартай цэлмэг сайхан өглөө болж байна. Ер нь хагас сайн болохоор өөрөө өөртөө өнгөрсөн долоо хоногт хийж амжуулсан болон амжуулаагүй ажлуудаа дүгнээд, ирэх долоо хоногийн тухай урьдчилан боддог зуршилтай.
Энэ долоо хоногт хийсэн зүйлс гэвэл:
- Түрүү долоо хоногт монголд хамаатны маань хөгшин бурхан болсон юм. Тэгээд бүтэн сайнд энд байдаг хүүхдүүдийнхээр нь очсон. Зан сайтай айлд хүн болгон цуглана гэдгээр энд байдаг ах эгч хоёр маань хүнд хар буруу санадаггүй, нийтэч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тиймээс ч энд тэнд байдаг найз нөхөд, танилууд нь ар араасаа цуварч ирэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг нь харж суухад таатай байлаа. Ийм хэцүү хүнд үед хүний газар орь ганцаараа сууж байвал сэтгэл тавгүй, хэцүү л байх биз. Тэгээд орой нь монгол лам ирж ном уншаад л, тэр номонд юун тухай өгүүлж байгааг утгачлан ойлгохгүй ч нүдээ хагас анин залбираад сууж байхдаа тэнд байсан бүх хүний сэтгэлийн уй гашуу арилаад, гагцхүү бурханы оронд заларч байгаа тэр хөгшиний аян зам өлзийтэй байгаасай, эргэж хүүхдүүддээ заяагаасай гэж би дотроо ерөөж суусан.
- За тэгээд энэ долоо хоногийн ажил төрөл ерөнхийдөө хэвийн. Ирэх долоо хоногоос сургууль дээр "Эцэг эхийн сар" эхэлж байгаа, эцэг эхчүүд ээлж ээлжээр хичээл дээр сууж хичээлийн явц, хүүхдийнхээ байдлыг ажиглана. Түүнд зориулж хэд хэдэн сургалтын материал шинээр хийж тавьсан юм байна. Үүний өмнө захиралууд ирж суусан, боломжийн үнэлгээ авсан.
- Энэ лхагва гаригт Далай лам Вашингтон ДиСи-д ирж ерөнхийлөгч Буш-ээс жирийн иргэдэд олгодог төрийн дээд шагнал болох Конрессын алтан медаль гардан авч ёслол үйлдсэн. Үүнтэй холбоотой мэдээг Интернетээс олж аваад, чадан ядан орчуулснаа Орлоо.ком-д тавиулсан. Тэгээд зогсоогүй арай олон хүн олж уншаасай гээд хамагмонгол.нет рүү арай хожуу явуулж тавиулсан чинь 2 сайтын хооронд бие биенээсээ будаа идлээ гэсэн хэрүүл дэгдээх шахаад, админ-аас нь хүртэл хүмүүсийн гомдлын талаар имэйл авдаг гэж байна шүү. Гэхдээ тийм ч айхтар том асуудал болоогүй ээ, харин бухимдахаасаа илүү талархаж байгаа нь олон байгаа болов уу.
За ажилд явах болчихлоо. Дараа үргэлжүүлье.

No comments: