Wednesday, October 24, 2007

Журавли

Эрлийн үзүүрт тос, эрсэн зүйлээ интернэтээс гэж аргагүй үнэн юм даа.

Журавли хэмээх энэ дуу нь Дэлхийн 2-р дайны үед Москва орчмын тулаанд баатарлаг гавьяа байгуулсан нэр нь тодроогүй орос цэрэгт зориулагдсан хэдий ч үе үеийн хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, зөвлөлт-оросууд гэлтгүй социализм-комунизмыг байгуулалцаж байх үед төрж өссөн аав ээж, ах эгч, бидний үеийнхний сонсох, дуулах дуунуудын нэг болсон гэдэгтэй маргах хүн олдохгүй байхаа.

Энэ дууг сонсонгоо байлдаантай кинонд нугасгүй байсан балчир нас, улаантан - цагаантан, орос - германаараа талцаад байлдаж тоглож явсан томоогүй үе, урлагийн үзлэгт ангиараа бэлдээд бусниулж явсан хүүхэд нас, сургуулийн их найрал дуулаачдын эгнээнд багтан давжаа биетэйн улмаас урд талын эгнээнд зогсож дуулж явсан үе, за тэгээд олон олон дурсамжууд эргэн дурсагдаж байна.

Хамгийн гол нь сургуулийн урлагийн үзлэг, баярын концерт, ер нь аливаа арга хэмжээн дээр ахлах ангийн 2 эгч энэ дууг гитар дээр маш чадварлаг тоглож, хоолой салган хоршиж дуулдаг байсан нь надад их таалагддаг байсан.

Манайд цэрэг эх орны сэдэвтэй олон сайхан дуу байдаг, тэр дундаас гавьяат жүжигчин Дамчаа гуайн дуулсан "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны дуу хэзээ ч үл мартагдах сайхан дуу. Гэснээс, саяхан 25-р сувгийн мэдээнээс Дамчаа гуай манай Сонгино тосгоны орон сууцанд амьдардаг иргэдийн өмнөөс Төр засагтаа хандан эсэргүүцлийн суулт хийж эхэлсэн гэж дуулаад сэтгэл их өвдөв. (за сэдвээсээ халиад явчихсан шүү)

Би өөрөө Биогийн унаган хүүхэд л дээ. Эрт урьд цагт Монгол улсыг социализмын материал техникийн бааз байгуулах гээд явж байхад Биокомбинат гэж малын эм бэлдмэл үйлдвэрлэж, хөдөө аж ахуйд бэлтгэн нийлүүлдэг улсдаа цорын ганц химийн үйлдвэр байлаа. Үүнийгээ дагаад ч ажилчин албан хаагчид нь хангамж сайтай, ер нь бол тэрүүхэндээ л товхийсэн суурин байлаа. Харин ардчилал зах зээлийн салхинд хөдөөгийн ард түмэн малжсан ч малынхаа эрүүл мэнд дархлаажуулалтад бага анхаарч, улмаар манай био үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт муудан, улсаас харж үздэг нь багасаад өвдөг дээрээ хэсэг сөхөрсөн л дөө. Үүний хар гайгаар Сонгино гэдэг тосгон хотын хөдөө (lost world) болж хувирсан. Түүнээс хойш орон сууцнуудын халуун ус тасарч, халаалт дулаан зогсоод өвлийн хүйтэнд хөгшид хүүхдүүд нь ханиад томуунаас салдаггүй хэцүүхэн байдалтай одоог хүртэл хэвээр л байгаа юм байна. Энэ хугацаанд тосгоны иргэд дүүрэг, хотын захиргаа, за тэгээд тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүддээ гомдол гаргаад ч бахь байдгаараа. Сонгууль болохоор л тэр зовлон дээр нь дөрөөлж гарч ирэгсэд урин хавраар халуун орноос цувран ирж, үр дэгдээхэйгээ төрүүлж өсгөж хамаг ажлаа амжуулж аваад, намрын сэрүү ормогц үүрээ орхин оддог тогоруу шувуу мэт цуварсаар, ирсээр, одсоор. (сэдвийн холболт)

Харин энэ удаа монголын маань тайз дэлгэцийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, "Үер"-ийн Молом занги, "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"-ийн япон хурандаа, "Би чамд хайртай"-ийн ангийн багш, "Мандухай цэцэн хатан"-ы Цэсмэл түшмэд буянтай буурал маань өөрийн эрүүл мэндийг үл хайхран угтан ирж буй өвлийн жавраас өмнө нутгийн иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хороо хорины үүдний чулуун шалан дээр намрын жихүүнд хайрагдан өглөөнөөс үдэш хүртэл суулт зарлаж байгаа юм байна.

Хөөрхий дөө, миний ахмад үе буянтай буурлууд хамаг залуу насаа эх орон, ард түмнийхээ төлөө зориулчихаад эцэст нь энэ ороо бусгаа цагт төр засагтаа ингэж ч гадуурхагдан хаягдах ч гэж дээ.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай!!!

Эцэст нь дээрх дууг гитар дээр амьдаар дуулж сонирхуулсан Амараа-д баярласнаа илэрхийлж, уран бүтээлийн арвин их олзтой байхыг ерөөе.

Saturday, October 20, 2007

Хагас сайн

Бямба гариг бол миний хувьд нэр нь л хагас сайн болохоос нидэр дээрээ жирийн нэг ажлын өдөр болоод удаж байна. Одоо ингэсхийж байгаад босож ажилд явах бэлтгэлээ хийнэ дээ. Тэгээд бүтэн өдөржин америкийн ард түмний нэгээхэн хэсгийг "хир буртагаас нь салгаж, тоосыг нь гөвөх" ариун үйлсэд борви бохисхийлгүй зүтгэнэ дээ.
Өчигдөр орой нилээн усархаг ширүүн бороо орсон, харин одоо сэрүүвтэр боловч нартай цэлмэг сайхан өглөө болж байна. Ер нь хагас сайн болохоор өөрөө өөртөө өнгөрсөн долоо хоногт хийж амжуулсан болон амжуулаагүй ажлуудаа дүгнээд, ирэх долоо хоногийн тухай урьдчилан боддог зуршилтай.
Энэ долоо хоногт хийсэн зүйлс гэвэл:
- Түрүү долоо хоногт монголд хамаатны маань хөгшин бурхан болсон юм. Тэгээд бүтэн сайнд энд байдаг хүүхдүүдийнхээр нь очсон. Зан сайтай айлд хүн болгон цуглана гэдгээр энд байдаг ах эгч хоёр маань хүнд хар буруу санадаггүй, нийтэч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тиймээс ч энд тэнд байдаг найз нөхөд, танилууд нь ар араасаа цуварч ирэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг нь харж суухад таатай байлаа. Ийм хэцүү хүнд үед хүний газар орь ганцаараа сууж байвал сэтгэл тавгүй, хэцүү л байх биз. Тэгээд орой нь монгол лам ирж ном уншаад л, тэр номонд юун тухай өгүүлж байгааг утгачлан ойлгохгүй ч нүдээ хагас анин залбираад сууж байхдаа тэнд байсан бүх хүний сэтгэлийн уй гашуу арилаад, гагцхүү бурханы оронд заларч байгаа тэр хөгшиний аян зам өлзийтэй байгаасай, эргэж хүүхдүүддээ заяагаасай гэж би дотроо ерөөж суусан.
- За тэгээд энэ долоо хоногийн ажил төрөл ерөнхийдөө хэвийн. Ирэх долоо хоногоос сургууль дээр "Эцэг эхийн сар" эхэлж байгаа, эцэг эхчүүд ээлж ээлжээр хичээл дээр сууж хичээлийн явц, хүүхдийнхээ байдлыг ажиглана. Түүнд зориулж хэд хэдэн сургалтын материал шинээр хийж тавьсан юм байна. Үүний өмнө захиралууд ирж суусан, боломжийн үнэлгээ авсан.
- Энэ лхагва гаригт Далай лам Вашингтон ДиСи-д ирж ерөнхийлөгч Буш-ээс жирийн иргэдэд олгодог төрийн дээд шагнал болох Конрессын алтан медаль гардан авч ёслол үйлдсэн. Үүнтэй холбоотой мэдээг Интернетээс олж аваад, чадан ядан орчуулснаа Орлоо.ком-д тавиулсан. Тэгээд зогсоогүй арай олон хүн олж уншаасай гээд хамагмонгол.нет рүү арай хожуу явуулж тавиулсан чинь 2 сайтын хооронд бие биенээсээ будаа идлээ гэсэн хэрүүл дэгдээх шахаад, админ-аас нь хүртэл хүмүүсийн гомдлын талаар имэйл авдаг гэж байна шүү. Гэхдээ тийм ч айхтар том асуудал болоогүй ээ, харин бухимдахаасаа илүү талархаж байгаа нь олон байгаа болов уу.
За ажилд явах болчихлоо. Дараа үргэлжүүлье.

Wednesday, October 17, 2007

Далай лам, Конгрессын алтан одон, Америк - Хятадын харилцаа

art.dalai.award.ap.jpg
Намрын энэ налгар сайхан өдөр АНУ-ын Конгрессын ордонд нэгэн том ёслол болов. Буддын шашины тэргүүн, Дээрхийн гэгээн Далай ламтан АНУ-ын ерөнхийлөгч Ж. Бушаас Конгрессын алтан одон гардан авчээ. Шагнал гардуулах ёслол дээр Далай багш хэлэхдээ "Эгэл жирийн гэр бүлд төрж өссөн Бурханы шашины ламтан надад энэ өндөр дээд шагнал гардуулж байгаад гүнээ талархаж байна" гэжээ.

Үүнээс өмнөхөн Хятадын зүгээс энэхүү үйл явдлыг буруушааж, Далай ламд төрийн хамгийн дээд одон медалиа гардуулан, ёслол үйлдэж байгаагаараа АНУ хоёр улсын харилцаанд хүндрэл учруулж байна гэж мэдэгджээ.

Гэвч Далай лам Төвдийг Хятадаас салган тусгаарлах биш, харин Төвдийн ард түмэнд үндэстний автономит эрхийг бодит утгаар нь эдлүүлэхийн төлөө тэмцэнэ гэдгээ дахин давтан тэмдэглэв. Мөн "Төвдийг тусгаар улс болгож, нийгэм-улс төрийн хуучин тогтолцоог сэргээн тогтоох нь миний далд зорилго мэтээр Бээжингийн тал бусдад таниулахыг хичээдэг. Энэ бол огт үндэслэлгүй, ташаа ойлголт юм" гэжээ.

Харин ерөнхийлөгч Буш хэлэхдээ, энэхүү ёслол нь Хятадын дургүйцлийг хөдөлгөхдөө бус, гол нь шашины хувьд хавчигдан гадуурхагдсан энэ их хүнд хүндэтгэл үзүүлэхэд оршино гэжээ. Тэрбээр америкчууд шашин шүтлэгээр хавчигдан зовогсдыг зүгээр хараад, эсвэл тэдний хажуугаар нүдээ аниад өнгөрч үл чадна хэмээгээд Далай лам бол дэлхийн энх тайван, амар амгалангийн бэлэг тэмдэг бөгөөд бурханы шашинд итгэгч олон түмний оройд залрах итгэлийн гал юм гэж тэмдэглэв.

Далай лам шагналын одонгоо хайрцагнаас нь гаргаад тайзан дээр хамт зогссон конгрессын гишүүдийн зүг харуулж өргөн хүндэтгэл үзүүлэв. Ардчилсан болон Бүгд найрамдах намын удирдагчид Далай ламын энх тайвны үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж баяр хүргээд, түүнд эх нутагтаа эргэн хөл тавих боломж олгохыг Хятадын талд уриалав.

Ерөнхийлөгч Буш энэ Мягмар гаригт Бурхан шашины тэргүүн 14-р Далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр түүнд хандаж "хэн хэн маань шашины эрх чөлөөг дэмждэг, тиймээс ч би хувь хүний хувьд таныг биширч хүндэтгэж явдаг. Тийм болохоор энэ ёслолд өөрийн биеэр оролцоно" гэдгээ мэдэгджээ. Мөн цааш нь, Хятад улс шашины эрх чөлөөг ашиг сонирхлынхоо төвд тавьдаг орон, тиймээс ч Далай ламыг хүлээн авч уулзах хэрэгтэй. Хэрэв тэд түүнтэй уулзаж ярилцвал түүнийг энх тайван, эв нэгдлийн төлөө хүн болохыг мэдэж авах болно гэжээ.

Хятадын тал энэхүү ёслолыг улс төрийн асуудал болгон авч үзээд, Далай ламд олгосон энэхүү шагнал нь цаад утгаараа АНУ-аас Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж үзэж байна. Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятад-Төвдийн хоорондох асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг болохыг цохон тэмдэглэжээ. Мөн цааш нь АНУ-ын удирдагчид Далай ламыг хүлээн авч уулзсанаараа олон улсын харилцааны үндсэн зарчмыг ноцтой зөрчлөө гэжээ.

Түүний айлчлалын талаар Хятадын талын энэ мэт шүүмжлэлийг сонсоод Далай лам "тэд үргэлж л ингэж байдаг юм" гээд тайван инээмсэглэж суужээ.

Конгрессын алтан медаль нь бүх амьдралаа нэгэн гарамгай үйлсэд зориулсан алдартнуудад олгодог дөрвөн том шагналын нэг ажээ. Энэ шагналыг урьд нь Тереза эх, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела, Английн ерөнхий сайд асан Уинстон Черчиль, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч бейсболын тамирчин Жэки Робинсон нар хүртэж байжээ.

Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Буш Далай ламыг шашины агуу удирдагч гэж үздэг бөгөөд түүнтэй дөрвөн удаа нүүр тулан уулзаж байсан. Тэрбээр саяхан Австралид болсон "Их найм"-ын удирдагчдын уулзалтын үеэр энэ шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр оролцох гэж байгаа тухайгаа Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаод мэдэгдсэн гэжээ.

Хятадын энэ шүүмжлэлийг Цагаан ордон авч үзээд, Хятад улс өсөн нэмэгдэж буй худалдааны харилцаагаа зохицуулах арга эрэлхийлж байна, мөн Хойд Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөрт хамтран оролцох санаархлаа илэрхийлж байна гэж үзжээ.

Хятад улс Төвдийг өөрийн харьяа муж болгон зарласнаас нэг жилийн дараа буюу 1951 оноос Төвдийн засгийн эрхийг гартаа авчээ. Зарим шинжээчид үүнийг олон улсын гэрээ дүрэм зөрчсөн явдал бөгөөд Хятад улс Төвдийн ард түмний шашин шүтлэг, бусад үндсэн эрх, эрх чөлөөг илэрхий зөрчиж байна гэж буруутгадаг ажээ.

1959 онд Хятадын эсрэг хөдөлгөөн дарагдахад 24 настай Буддын шашины удирдагч Төвдөөс дүрвэн гарчээ. Далай лам хөрш Энэтхэг улс руу цөлөгдсөн ч тэндээс хэдэн арван жилийн турш өөрийн засгийн газрыг удирдаж байсан юм.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь, энэхүү үйл ажиллагаа нь Америк, Хятадын харилцаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Буш мэдэгдэхдээ, Америкийн ерөнхийлөгч шашины эвлэрэл, шашины эрх чөлөө нь аливаа үндэстэнд нэн чухал болох тухай ярьснаараа хоёр улсын харилцаанд ан цав суулгана гэж бодохгүй байна. Би хятадын удирдагчдтай уулзах бүртээ энэ тухай оцлон тэмдэглэдэг гэжээ.

Далай ламын хийж буй үйлсийг "салан тусгаарлах ажиллагаа" гэж үзсээр ирсэн Хятадын засгийн газрын байр суурийг намжаахад нилээн The promise of good intentions did not seem to assuage the Chinese government, who labeled the Dalai Lama's work "separatist activities."

"Өнгөрсөн хугацаанд Далай ламын хэлсэн үг, хийж буй үйл хэрэг нь түүнийг шашины нөмөр дор салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй улс төрийн цагаач болохыг харуулж байна" гэж Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Төвдийн коммунист намын нарийн бичгийн дарга Zhang Qingli Далай ламын тухай илт дайрч доромжилсон үгс хэлжээ. Тэрбээр, Далай лам бол өөрийн эх нутагтаа хайгүй нэгэн бөгөөд эх орноо хагалан бутаргахыг үргэлж санаархаж явдаг гэжээ.

1989 онд Нобелийн шагнал хүртсэн 14-р Далай лам Лувсанданзан Төвдийн ард түмнийг тусгаар улсаа байгуулахыг уриалах бус, харин тэдэнд автономит эрхтэй муж болохыг зөвлөдөг гэж хэлжээ.

Эх сурвалж: Вашингтон Си Эн Эн (2007-10-17. Лхагва гариг)

Tuesday, October 16, 2007

Шоппинг лист


Ойрд монгол явах гээд жаахан ч гэсэн мөнгө хэмнэх санаатай байдаг, гэтэл ходоод хоол нэхээд байдаг, яадаг ч юм билээ гээл үү.
Зоо ингэсгээд гарч хоолондоо явна. Ингэхэд дэлгүүрээс авдаг хүнсний нэр төрөлөө зоож үзье гэж бодлоо. Яг одоогоор зайлшгүй худалдаж авах зүйлс гэвэл:
- Ууталсан жижиг талх (Whole wheat rolls)
- Цагаан будаа, хивэгтэй хар гурил
- Үхрийн мах
- Төмс, лууван, сармис
- Алим, банан, усан үзэм
- Крамбери жимсний шүүс
- Сүү, тараг, масло, томато паста ингээл болоо. Нэг иймэрхүү юмаар хооллоё гэхэд долоо хоногтоо 30 дойлуур элбэг, мэдээж архи, пивоны үнэ ороогүй. Зарим үед гадуур хооллобол сарын хоолны зардал 200 гараад л явна. За тэгээд амьдрахын төлөө идэхгүй гээд ч яах билээ. Ид гэж ам заяасан юм байгааз дээ.

Өөрийгөө хүндлэхүй

За нэг том гарчигийн дор өчүүхэн санаагаа буулгаадхая.
Бусдын хүндлэлийг олохын тулд бусдыг эхэлж хүндэтгэж сур гэдэг байх аа? Минийхээр бол өөрийгөө хүндэлж сурсан хүн л өрөөл бусдыг хүндэтгэж чадна гэж боддог юм. Хүндэтгэл гэдэг үгийн утгыг авч үзвээс өөртөө ч, бусдад ч "ХҮН" гэдэг үүднээс хандаж харьцах гэсэн үг боловуу. Хүний өөрийгөө хэрхэн хүндэтгэж байгааг ерөнхийдөө тухайн хүний биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж буй харьцаа, хүрээлэн буй орчинтойгоо харьцаж байгаа байдал, ажил хөдөлмөртөө хандаж буй хандлага зэргээр тодорхойлж болох юм.
Яагаад энэ тухай бичих болов гэвэл, би гэдэг хүн ажил дээрээ бохир заваан, эсвэл эмх замбараагүй зүйлсийг үзэж чаддаггүй. Харин гэртээ бол хамаагүй ээ, намайг хэн хэлж нохойг хэн саахав гэгчээр замбараагүй талдаа. Гэхдээ энэ нь хэсэг хугацаанд ганц бие хүний амьдралаар амьдарч байгаатай маань холбоотой боловуу. Ажил дээр эргэн тойрон зүйлс эмх замбараагүй, бохир байх нь өөрийгөө доош нь хийгээд байх шиг санагдаад байдийн.
Өнөө өглөө эрт ажилдаа очлоо, тэгсэн чинь сургуулийн коридороор нэг хог, ямар нэг шингэн дуслуулсан ул мөр гээд халтартсан юм байх. Тэгээд зүгээр хараад суугаад байж чадсангүй. Учир нь удахгүй эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дагуулсаар орж ирэх болчихсон байдаг, гэтэл тийм муухай шал шавхай дунд хүүхдүүдийг угтана гэдэг нэгд эцэг эх, хүүхдүүдийг, хоёрт өөрийгөө доромжлоод байх шиг санагдаад ер болдоггүй. Уул нь бол шал шавхайтай зууралдах нь миний ажил үүргийн хуваарьт багтаагүй эд л дээ. Гэхдээ тэвчиж чадалгүй резин бээлий углаж аваад, шалны алчуур модоо бариад л зүлгэж гарсан. Үр дүнд нь сургуулийн шал өнгө орж, тэр дунд хүүхдүүдээ угтаж авах миний сэтгэл гэрэлтээд л гийгээд л ирсэн.
Тэгээд бас болоогүй сургуулийн удирдлагадаа сургуулийн цэвэрлэгээний талаар анхааруулж мэдүүлье гэж санаад "Анхаар! Нойтон шал!!!" гэсэн тэмдэгийг нь хаалганы ойролцоо тавьчихсан гэж байгаа. Тэгсэн чинь менежер гуай мэдсэн юм шиг ердийн цагаасаа хоцорч ирсэн л дээ. Гэсэн ч гандан буурахгүй боломж гармагц менежертээ энэ тухай мэдэгдээд авсан.
Зарим хүмүүс намайг удирдлагаас оноо авах гэж үүнийг хийж байна гэж ойлгосон байна лээ. Би ч тэд нарт бид анги танхим, байгаа орчноо сургуулийн дайтай цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй, тэгж гэмээнэ бид өөрсдийгөө багш гэдгийг мэдэрнэ. Үгүй бол бид барааны агуулахад байгаа ажилчдаас ялгаа юу байна гэж ухуулав. Тэд ч надтай санал нэг байсан. Яахав хожим тэд нар намайг гэж яг таг санадаггүй юмаа гэхэд, хамт ажиллаж байсан монгол залуу нэг иймэрхүү хүн байж билээ гэж дурсах байлгүй. Энүүхэндээ л Монгол улсын төлөөлөл болж байгаа хүний хувьд өөрийгөө хүндэтгэж, өрөөл бусдыг ч хүндэлж байгаагаараа төрсөн нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг ч хүндэлж явна гэж би бодно.

Wednesday, October 10, 2007

Upside Down jack Johnson

Энэ долоо хоног амьдрал нэг хэвийн, хийдгээ хийгээд явж л байна. Харин энэ сэтгэл санаа нэг л бишээ, уг хүн нь уул нь хүн амьтантай маргалдаж зөрөлдөөд байдаггүй, асуудлыг өөртөө ч, өрөөлд ч аль болох хүндрэл багатай, тайван замаар шийдэхийг оролддог хүн юмсан. Гэтэл ойр хавийн хүмүүсийн хэлсэн үг, хандах хандлагад бухимдаад ч байх шиг, тачигнатал биеэ өмөөрмөөр ч санагдаад байх шиг.

Өчигдөр гэхэд энэ байрны эзэн авгай, түүний танилд, өнөөдөр хамт ажилладаг нэг хүнд муухай аашилчихсан гэж байгаа. Бүр биеэ барьж чадаагүй, гэхдээ хорон муу үг чулуудаагүй. Зүгээр л биеэ өмгөөлж, өндөр дуугаар өөрийгөө илэрхийлсэн гэхүү дээ.

Би тэгээд хүн амьтан руу хашгирахгүй байж байгаад нэг дугарахаараа дараа нь түүнээсээ санаа зовоод, шаналаад толгойгоо өвтгөөд байдийн. Энэ долоо хоног иймэрхүү эмзэг байдалтай эхэлсэн, удаан үргэлжлүүлээд яахав, ингээд дуусгая байз.

Багачуулын хэлдгээр олон долоон юм яриад байгаа хүмүүсийн хажуугаар гараа халааслчихаад КҮҮЛ царайлаад энэ дууг исгэрээд, аялаад явж байдиймуу яадын.

Дуу гэснээс энэ дууны цаана явж байгаа шиг гитар дарж сурахымсан. Эрдэмд суралцахад оройтоно гэж үгүй гэдэг байхаа.

Monday, October 8, 2007

I am going home

Гэрээс гараад уджээ. 3 жил хагас гэдэг богино мэт сонсогдовч ид хийж бүтээж, бужигнуулж явах залуу насныхаа багагүй хэсгийг Америк хэмээх нэр нь сайхан ч, нидэр дээрээ хатуухан энэ газар ёстой л "сүүлнээс өөр ташуургүй, сүүдрээсээ өөр нөхөргүй" өнгөрүүлчихдэг юм байна. Энд тоотой хэдэн танил байвч бүгд л ажил, мөнгө гэж санаа зовсоор хааяа баяр ёслолоор нэг уулзалдах юм даа.

Зарим хүмүүс гадаадад гарсан болгон бөөн мөнгө өвөртөлж харих ёстой мэт ойлгоно, би ч бас дээхэн үед Германд гэр бүлээрээ байсан ахыгаа мөнгийг уут уутаар нь олж байгаа гэж боддог л байлаа. Хүн зорилгодоо хүрэхийн тулд нилээд зүйлсийг золиосолж, нилээд боломжуудаас түдгэлзэх хэрэгтэй болдог бололтой. Би л гэхэд өнөөгийн энэ түвшинд хүрэх гэж олон ч зүйлээс татгалзсан даа, мөнгөний ажил хөөе гэхээр хичээл сургууль хоцрогдчих гээд, номоо уншаад суух гэхээр ходоод хоол, бие хувцас хунар нэхээд. Тэгээд эхийг нь эцээж, тугалаа тураачихгүйн тулд аль алийг нь тэнцүүлэх хэрэг гарсан.

Тэгээд энэ хичээл зүтгэлийг минь Бурхан харж үнэлсэн үү, эсвэл хөөрхий амьтныг өрөвдсөн үү ямар ч гэсэн авахаар хөөцөлдсөн бичиг баримтууд ямар ч саадгүйгээр бүтээд л байсан. Үүнд, хамгийн түрүүн банкинд данстай болсон, нийгмийн даатгалын дугаар авсан, сургууль дотроо долоо хоногт 20 цаг ажиллах эрх авсан, зээлийн картуудтай болж өөрийн гэсэн зээлийн түүх үүсгэсэн, ажиллах эрхээ 40 цаг болгож нэмэгдүүлсэн, жолооны үнэмлэхтэй болсон, анх удаа цоо шинэ машин зээлээр авсан (харамсалтай нь хэсэг унаж байгаад аваарт орж машинаасаа салсан, хэдий ноцтой аваар байсан ч эд эрхтэн бүтэн, амь мэнд, санхүүгийн тал дээр хохиролгүй гарсан минь хамгийн том аз) мэдээж гэрийн даалгавруудаа хийж шалгалт шүүлгээ амжилттай давсан, ажиллаж байгаа газраа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж тушаал дэвшсэн, хамгийн сүүлд гэхэд ажлын визээ авч "оюутан" гэдэг статусаа "түр ажилчин" болгуулж чадсан гээд л нилээн л юм болж өнгөрсөн байна. Мэдээж тэр болгоныг дурдана гэвэл барагдахгүй, ерөнхийдөө ийм л дүр зураг харагдаж байна.

Гэхдээ үүнээс илүү хийх ёстой чухал зүйлс ард минь хүлээж байгаа. Ямар ч байсан гэртээ л харьж бие болоод сэтгэлээ эрч хүчээр цэнэглэж авах минь.

Шинэ ачтай болов


Энэ мэдээг өчигдөр дуулаад бөөн баяр. Манайх гэдэг айл аав ээжээс 7-уулаа, ах дүүс маань бүгд хүнтэй сууж, тусдаа гарцгааснаар одоо 10 ач зээтэй болов. Урд нь хүү, охины харьцаа 6:3 байсан бол отгон ач маань хүү төрж харьцаа 7:3 боллоо.

Шинэ үртэй болсон дүүгийнхээ гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүхний дээдийг хүсье.

Зураг дээр: Зүүн гар талаас том ахын 2 хөвгүүн, 2 ихэр дүүгийн маань хөвгүүд

Tuesday, October 2, 2007

Нойр ...

Өчигдөр орой жийм-д орчихоод харих замаараа Старбаксаар орж халуун кофе авч уусан. Ядарч байсан бие дороо сэргээд ирэх шиг болж, гэртээ ирэнгүүт гавшгай нь аргагүй өрөөгөө цэвэрлэж, цэгцэлчихээд мессенжерээ нээтэл том эгчийн хүүхэдээс мээсиж ирдэг юм байна. Тэгээд дүүтэйгээ чааталж ойр зуур сонин сайхан солилцож суусаар нэг мэдсэн шөнийн 00 цаг болчихож. Тэгээд унтах гэтэл бүр хамаг нойр сэргэчихэж. Орон дотроо нүдээ аниад тоо өгсүүлж уруудуулж тоолж үзлээ, болдоггүй ээ. Зурагтаа асааж хэдэн сувгийг нь гүйлгэж харлаа, үзэхээр ч олитой юм алга. Унтраагаад хэвтлээ, бас байдаггүй. Нойр надаас хулжин одчихож. Гүй ээ ингэхэд би юу хийлээ, яагаад хамаг нойр сэргэчихэв гэж бодтол нөгөө аяга кофе санаанд оров. За тэгвэл босоод хичээлээ хийе гэж бодоод номоо эргүүлтэл нүд анилдаад эхлэх нь тэр. Бушуухан хөнжилдөө ороод нүдээ анитал худлаа байж. Ингэж тэгсээр цаг хартал шөнийн 3.00 цаг. Унтахгүй бол маргааш нь хичээл дээр хүүхдүүдийн өмнө үүргэлэх юм болно, юу юугүй үүр цайж ажилд явах цаг болох нь. Тэгээд нойрны эм юусан билээ гэтэл хоолны шүүгээн дээрх хугас шил улаан дарс нүдэнд тусав. Дүүрсэн хэрэг гээд нэг хундага дүүрэн дарс хөнтөрч орхиод буцаад хэвттэл ашгүй нэг нойр хүрч эхэлсэн.
Тэгээд үүнээс хойш унтахын өмнө кофе гээч умдаанаас холхон байх юм шүү гэж өөртөө ам гарав.
Тэгээд шөнө орон гаран, сэрэн барин унтсан болохоор одоо нойр хүрээд хэрэг алга. Уул нь жаахан юм хийж авъя гэж санасымсан. Маргааш л болохоос. Нойроо гэж ...

Хөтөчтэй аялалын фото слайд

ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ-3 Фото Слайд
Orloo! MGL Community web portal - Мягмар, 02 Тахиа сарын 2007