Sunday, December 30, 2007

There is nothing more than home

Аян замдаа сайн явсаар гэртээ ирлээ. Ганцаар өнгөрүүлсэн 3-4 жил гэдэг хэн нэгний хувьд өчүүхэн мэт санагдаж болох ч, бие сэтгэлээрээ туулаад ирсэн маньд бол асар урт хугацаа байлаа. Гэлээ ч аль аль талдаа хичээн чармайсны эцэст зорьсон зорилгоо биелүүлээд ирсэндээ сэтгэл дүүрэн байна. Энэ хооронд ард үлдсэн амьдралд маань их өөрчлөлт гарчээ. Аав ээжийн маань үсэнд буурал хяруу тогтож, ах эгч нар маань нас тогтож, жаахан дүү нар өрх тусгаарлан гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэцгээжээ. Намайг явах үед өлгийтэй байсан хүүхдүүд одоо сургуульд орчихсон цагаан толгой үсэглээд сууж байх юм.

За тэгээд аян зам бол тун дажгүй, сууж ирсэн онгоцонд маань өөр 3 монгол байсан болохоор тэдэнтэй ярьж хөөрч явсаар нислэгийн уртыг ч анзаарсангүй нэг л мэдэхэд Бээжинд ирсэн байлаа. Нутгийн бараа ойртох тусам сэтгэл догдлоостой, за тэгээд хил гааль амжилттай даваад хамаг ачаагаа түрээд л гараад ирсэн. Ах эгч, найз нөхөд маань тоссон. Гэрээ санасан надад хотын утаа тийм ч төвөгтэй санагдаагүй. Харин одоо л мэдэрч байна.

За тэгээд ирсний дараах хэд хоногт аав ээж, ах дүүгийнхээрээ зочилсоор л, гэхдээ одоо болтол найзуудтайгаа уулзах завгүй л явна. Ямар ч байсан тодорхой хэдэн хүмүүс рүү утас цохиж ирснээ мэдэгдсэн. Энд шинэ жил гээд л хүмүүс тун завгүй, гадуур хөл хөдөлгөөн ихтэй л байна.

Би ирээд долоо хонож байгаа юм байна. Ирснээс хойш хамгийн том баяр гэвэл бага охин дүү маань 29-нд маамуулж охинтой болсон, манайхан бүгдээрээ бөөн баяр, учир нь эгч маань арван жилийн өмнө охин төрүүлснээс хойш манайх зургаан ач (бүгд хөвгүүн)-тай болоод байсан юм.

Thursday, December 20, 2007

Нутаг буцахын өмнө

Ирсэн гийчин буцдагийн үлгэрээр энэ оронд анх яаж ирсэн тэр л замаараа нутгийн зүг жолоо залах боллоо. Аав ээж, амраг хань, төрөл садан, найз нөхөдтэйгөө уулзах мөч улам бүр ойртсоор. Манай хэд ч намайг очих сурагаар гэр орондоо бөөн бэлтгэл болоод л байгаа сурагтай, би ч бас энд авч явах ачаагаа баглаж боох, өрөөгөө цэвэрлэж хүлээлгэж өгөхөөс эхлээд л бөөн ажил. Хийж амжуулаагүй зүйл их байх тусам энэ цаг ёстой түргэн жирэлзээд өнгөрчих юмаа.

Одоо нисэх хүртэл 36 цаг, гэртээ очиход 60 цаг үлдсэн байна. Маргааш ажлын сүүлийн өдөр, эрт ажилтай хүн унтаж амаръя даа.

Sarantuya - Shine jil manaid irlee

Манайхаар саатан морилж буй таньд шинэ оны мэнд хүргэж,
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!
Ирэх онд ажил төрөл чинь өөдрөг,
амьдрал ахуй тань өнгөлөг,
сэтгэл санаа тань тунгалаг,
юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай!!!

Monday, December 17, 2007

A week before departure

Хаврын тэнгэрийн олон ааштайг гайхдаг байтал одоо бүр өвлийн тэнгэр нэг дор олон ааш үзүүлдэг болжээ. Өчигдөр яг л тийм өдөр боллоо, сайхан унтаж амраад өглөө сэртэл тэнгэр бүүдгэр цас орох нь уу гэлтэй нэг л учир битүүлэг. Тэгтэл юу юугүй тэнгэр дуугараад бороошоод ирж байнаа. Тэгээд өчигдөр төлөвлөсөн хамаг ажил будаа. Жаал гадуур алхаж энэ орны хөгжил цэцэглэлтэй танилцъя гэж бодож байснаа хүйтэн борооноос халшраад орон дотроо зурагт үзсэн шиг баахан хэвтэв. Тэгээд үдээс хойш болсон нар гараад ирж байна, тэгэхээр нь нүүрээ угааж, хувцасаа өмсчихөөд үүргэвчээ үүрээд л гарлаа. Ашгүй удалгүй автобус ирээд би гэдэг хүн Вашингтоны төвд саадгүй хүрээд ирсэн. Тэгээд метроноос гараад ирсэн бөөн хар үүл гараад дахиад бороошсон, гэхдээ үл ялиг дуслууд. Хотын төв талбайд жуулчдад зориулсан гадаа худалдаанаас жижиг түлхүүрийн оосор, зураг бичигтэй цамц бөөндөж авсан. Худалдаачид нь ихэвчлэн хятад, солонгос, вьетнамууд. Тэгээд үнийг нь асуугаад л 5, 10-аар нь авъя эдэд өгчих этэр гэж үнэ тохиролцоод л хэрэндээ л үнийг нь буулгахыг оролдсон. Тэгж явсаар бараг орой болсон хойно хамаатны ахындаа сайхан хоолоор дайлуулж авч очсон дарс, бялуугаараа даруулсан. Ах эгч хоёртойгоо бас хэдэн шил Будвайзер ууж хол ойрын сонин ярьж суусан. Тэгээд нэг дэх өдөр өглөө эрт ажилтай хүн чинь бүр орой болсон сүүлчийн галт тэргээр гэрийн ойролцоо ирээд, таксигаар харьж ирэв.

Өнөөдөр салхитай хүйтэн өдөр байлаа, гэрээс сургууль руу алхахад дан өмдтэй хайрч байна лээ. Өвөл болсноос хойш анх удаа л хүйтэн жаварт жиндэж үзлээ. Энд ингэж байгаа хүн ирэх долоо хоногийн өдийд монголдоо оччихоод хүйтэн жаврыг нь яажшуухан тэсэж давах юм бол гэж бодоод яс хавталзаж байгаагаа нуух юун.

Явах бэлтгэлээ өнөөдөр их цэвэрлэгээгээр эхэлж байна. Жорлон ваннаас авхуулаад өрөөгөө цэвэрлэж, дэвтэр ном, илүү дутуу хувцас хунараа цэгцлэх их ажилд орлоо. Одоо яг ид дундаа явж байна. Өнөөдөр цэвэрлэгээгээ дуусгаадахвал маргаашаас ачаагаа баглаад, дэлгүүрээр хэсэж хүний гар цайлгах юм цуглуулна. Бас дулаан оймс, малгай ороолт гэх мэт.

Явахын өмнөх долоо хоногийн хуваарь:

Даваа:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Гэр цэвэрлэх

Мягмар:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Ажлын дараа сургууль дээр Крисмас парти
- Угаалга

Лхагва:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Дэлгүүр

Пүрэв:
- Өглөөнөөс орой хүртэл ажил
- Айлын эмээ ба түүний найзуудтай оройн хоол

Баасан:
- Бас ажил
- Найзын машинд ачаагаа зөөж орой нь тэднийд ачаагаа урьдчилсан байдлаар боох

Бямба:
- Өглөө эрт онгоцны буудал орж ачааныхаа жинг дахин хэмжээд эцэслэн боох
- Үдэлтийн ажиллагаа
- Нутгийн зүг жолоо залах

Нэг иймэрхүү төлөвлөгөө зохиосон. Ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болно гэдэг шиг л юм болж байна даа :))

Жаахан юм бичье гэсэн чинь баахан юм болчиж, унтахаасаа өмнө хөглөрүүлж тавьсан юмсаа хураая. Үг олдож үхэр холдов.

Friday, December 14, 2007

Feist - 1 2 3 4

Монгол явах бэлтгэлээ хийгээд ойрын 2-3 хоног ажил тараад л дэлгүүр хоршоо ордог ажилтай болсон. Түрүү жил Кристмасаар авсан гифт картуудаа хадгалж байсан маань бас жаахан ч гэсэн нэмэр болж байна. Баярын уур амьсгал альхэдийнэ ороод, гадуур бараа элбэг, сонголт арвин байгаа хэдий ч үнэ бол ердийнхөөсөө нэг их буусан юм алга. Гээд яахав ямар ор хоосон явалтай биш гээд л чадлынхаа хэрээр хэрэндээ л жаал жуул юм цуглуулж авсан. Ор хоосон гэснээс дээхнэ хэд хэдэ удаа зүүдэлсэн юм байна. Нэг сэрсэн чинь монголдоо гэртээ хэвтэж байдаг юм байна, миний ачаа бараа хаана байгаа билээ, би чинь юутай ирэвээ гэсэн чинь огт санагдах юм байдаггүй. Тэгээд л ядаж хэдэн хүхдүүдэд жаахан чихэр бариад ирэх нь яав даа гээл халаглаж байна гэж зүүдэлсэн. Одоо харин авч явах ачаа барааны жин альхэдийнэ талийж өгсөн байхаа.

Энэ мэт дэлгүүр хэсэж явахад дэлгүүр болгон худалдан авагчаа татах гэсэн үү, эсвэл өөрийн өвөрмөц онцлогоо харуулах гэсэн үү янз бүрийн дуу хөгжим явуулаад л, би бол бараа үзэж явахын хажуугаар чихээ ажиллуулаад л явлаа. Тэгж явахдаа энэ дээр тавьсан дууг олж сонссон юм, дуучны хоолой, дууны үг, ая нэг л энгийн, тэгсэн мөртөө өвөрмөц санагдсын. Тэгээд дараа нь залууст зориулсан хувцасны хэд хэдэн дэлгүүрээр орсон энэ дуу л яваад байна лээ. Тэгээд youtube-ээс хайж олсон минь энэ. Бүх юм нь энгийн, энэ клип нь ч хүртэл. Байгаа орчин, ашигласан материал гээд нээх нүсэр юмгүй, маш товч, өвөрмөц шийдэлтэй болсон нь таалагдав.

Нээрээ саяхан нэг хүүхэд намайг "зөнөж үхэх гэж байж ..." гэж авдын. Тухайн үед төвөг гэж бодоод зүгээр тоглоом болгоод дүйвүүлээд л өнгөрсөн. Ер нь л 10-тай байхад 20-той залуу, 20-той байхад 30 гарсан эр хүн нээх л том хүн харагддаг, бас санагддаг байсан юм чинь. Ер нь хүний биологийн нас тэртээ тэргүй он жилүүдтэй хамт хангиран одно, хэн ч түүнийг эргүүлж авч үл чадна. Харин тархи сэтгэхүйгээ байнга тордож, улам залуугаар нь байлгах эсэх нь тухайн хүнээс л хамарна.

Tuesday, December 11, 2007

Дуунд дуртай боловоо би

Энэ Эф Эм радио гэж үнэн хүчтэй эд шүү. Яагаад гэхээр нэг дууг өдөрт хэд ч давтдаг юм мэдэхгүй, сүүлдээ нөгөө дууг нь сонсохгүй байхын аргагүй болтол чихэнд хоногшуулчих юм. Монголд байхад л радио сонсох хоббитой байсан, энд ч бас хоббигоо үргэлжлүүлсээр. Одоогоор RadioMix 107.3-ыг л их сонсож байна. Тэгээд байнга сонсож балбуулсаар байгаад чихэнд хоногшчихсон дуунуудаа Youtube-ээс татаад оруулчихлаа. Магад энэ үед ямар дуунуудаар занималдаж байснаа хожим дурсахад хэрэгтэй боловуу гэж бодлоо.

Аливаа урлагийн бүтээлийг уран бүтээлчийн сэтгэл хөдлөлийн дүнд бүрэлдэн боловсорсон үр жимс гэж ойлгодог. Тэр үр жимсийг нь хэрэглэгч бид их бага янз бүрийн хэмжээгээр хүртэнэ. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж амтархан идэх, амсаж үзэх, эсвэл зүгээр л нүдээрээ халиагаад өнгөрдөг.

Юу гэх гээл байнаа гэхээр сонсох дуртай дуу хөгжмөө эргээд бодохоор бүх л урсгал жанрынх байдаг, заримдаа улаан рок, эсүүл уянгын дуу, хааяа хип хоп, эсвэл поп, за тэгээд алтернатив, зохиолын, хүүхдийн, бүр сонгодог дуурь ч хамаагүй сонсоод сэтгэлээ аргадаад сууж байх нь ч бий.

Тэгэхээр тухайн нөхцөл байдалдаа тохируулаад дуу хөгжмөө сонгож сонсох нь ганц миний зан биш бизээ.

Who Knew - Pink

Maroon 5 - Sunday Morning

kelly clarkson - breakaway (original)

Fall Out Boy, Thanks For The Memories

Green Day - Boulevard of Broken Dreams

Monday, December 10, 2007

Baby shower or Baby wash


Удахгүй явлаа гэж бодохоор л хөл хөнгөрөөд, байн байн календар эргүүлж хоног тоолоод, тогтож сууж чадахаа байлаа. Монголд ч гэсэн манай хэд, тэр дундаас ээж, эхнэр 2 маань бүр ч илүүтэйгээр догдолж байгаа.

Ганц амардаг өдрөө эндхийн Костко хэмээх бөөний дэлгүүр явж, хэдэн дүү нараа баярлуулах чихэр жимс тэргүүтэн, ээж эгч, бэрүүдээ баярлуулах дарс, хоол амтлагч тэргүүтэн, за тэгээд хөгшчүүд хүүхдүүдийн витамин, аав, ах нартаа ориг Марлборо гэсээр хагас сая төгрөгний наймаа хийчихлээ. Уул нь мөнгөө кармаалж яваад, монголынхоо зах зээлд нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж аль дээрээс санаж байсан ч "агаа гадаадаас ирнэ" гээд алгаа тосоод сууж байгаа жаахан дүү нараа бодоод яаж ч чадсангүй суурин дээрээ 360 градус эргэчихсэн. За тэгээд юмаа мэдэж худалдан авна гэдэг амаргүй байлаа, нэг найзтайгаа явсны хүчинд шилж сонгож янз бүр болсон ч үгүй, шууд л гарт таарснаа шүүрч авсаар хагас цагийн дотор л амжуулчихсан. Тэгээд ч дэлгүүрт ороод ямар нэг бараа хайхаар залхуутай санагддаг тул тэр болгоныг үзэж үнгээд байдаггүй, бараан дундуур явж байхдаа л таалагдсан бараагаа нэг барьж, үнийг нь харчихаад л үнэ тохирч байвал шууд авдын.

За энэ ч яахав. Үндсэн сэдэвтээ оръё.


Энд манай сургуулийн менежер хүүхэн юу юугүй төрөх дөхчихсөн. Тэгээд манай багш нар түүнд зориулж маргааш Baby shower гэж тэмдэглэх юм гэнээ. Би энэ тухай урьд нь мэр сэр сонсож байснаас яг нүдээрээ үзэж, биечлэн оролцож байсан нь үгүй. Ямар сайндаа өнөөдөр Baby wash гэж андуурч хэлээд бусад багш нараа баахан инээлгэх шив. Тэгсэн удахгүй мэндлэх хүүхдийг угтан баярлуулах өдөр юм шиг байна. Ээжид нь бэлэг өгч, хамт хоол идэж суух юм байна.

Ямар ч гэсэн маргааш ягаан өнгийн хувцас өмсөж ирээрэй гэсэн. Над чинь өмсье гэхнээ ягаан хувцас алга, ихэвчлэн хар хөх, цэнхэр, саарал, бор голдуу хувцастай юм байна. Аа тийн, сая Чикаго явж ирэхдээ нэг улаан ноосон цамц авсан юм байна. Гэхдээ тэр тохирохгүй, харин нэг чернилэн ягаан, бор, хөх, ягаан холимог судалтай цайныхаа цамцыг гаргаж өмсөхөөс. Тийм тод юм өмсөхөөр хамаг бие шатчих гээд эвгүй байдын. Гээд яахав Baby Wash-ыг хүндэтгэх хэрэгтэй.

Friday, December 7, 2007

Хүүхдийн хөгтэй явдлаас

Бие даах ажилуудаа хийгээд явуулчихсан, шалгалтаа өгөөд дуусчихсан чинь нэг бодлын сэтгэлд амар юм. Энэ мөчийг ямар их хүлээж байлаа гэтэл оройд хийх зүйлээ олж ядаад байх боллоо. Уул нь сурагчдаа ажиглаад тэмдэглэл хөтөлж явах нь багшийн үүрэг, гэтэл дээрх ажлуудаас болж хойш тавьсаар өдийг хүрчээ.
Ер нь өдөр тутмын хичээлийн үеэр хөгжилтэй явдлууд их тохиолдоно. Хүүхэд л бол хүүхэд, хаа газрын хүүхэд монгол хүүхдээс ялгаа бараг байхгүй дээ.
Манай ангид огт дуугардаггүй нэг хүү бий. Бусад хүүхдүүдтэй ч бараг ярихгүй, тэрүүхэндээ бувтнаад өөрийгөө болгоод явна. Тэгээд багш нар түүний амнаас үг унагах гэж янз бүрээр оролдоно. Харин ч нэг унагана гэж үгүй. Нэг удаа нөгөө хүү над дээр гүйгээд ирэв. Тэгээд гутлын үдээс рүүгээ заагаад л бувтнаад байв, багш нь "Грегори амаа томхон нээгээд үгээ тод чанга хэл дээ." гэсэн чинь нөгөө хүүхэд хариу байдаггүй толгойгоо доош тонгойгоод л байлаа. Багш дээрх асуултаа дахин тавиад түүнийг яах нь уу гээд харсан чинь мань хүү амаа байдгаар нь ангайгаад зогсож байдаг байгаа. Тэгсэн амаа нээ гэсэн командыг маань биелүүлчихээд л зогсоод байсан байна лээ.

Wednesday, December 5, 2007

Алсу - Зимний сон

First day of snow

Өчигдөр орой тэнгэр бүүдийгээд, баруун өвдөгний нүдээр хатгуулаад байсан юм (өтөл мэт аашлав). Ер нь цасны сураг дуулдаад л байсан, ингэж их хэмжээгээр унана гэж хэн санах билээ.
Өглөө эрт ажилд гарахад цасан ширхэг бударч байсан, тэгсэн хагас цагийн дотор ойр орчмыг нилэнхүйд нь цагаан хөнжил шиг бүрхээд авсан. Гэр, ажил 2-ын хооронд хэдхэн алхаад орчихдог надад ч гайгүй, харин хаа холоос машин тэргээр ирдэг хэдэн багш нар хальтиргаатай зам дээр үгээ хэлж ирсэн байх. Хальтиргаа нь гайгүй байлаа гэхэд энд тэнд гарсан аваар ослоос болж зам түгжирсэн шалтгаанаар нилээд хэд нь хоцорч ирцгээсэн байсан. Цас өдөржин үргэлжилж орсоор орой тийш жаахан намжлаа. Энэ их цасыг хараад хүний нутагт ингэж ихээр унаж байхаар зарим нь Улаанбаатарт маань очиж хөвсийтөл ороод хог шороог нь далдалж, агаарыг нь цэвэршүүлдэг ч болоосой гэж сэм атаархав. Гэхдээ гандан буурахгүй ажлынхандаа болон энэ хавийн америкуудад монголынхоо дөрвөн улирлын сайхныг яриад л, тэр тусмаа өвлийн хахир жавар цас орсны дараа хэрхэн уярч зөөлөрдгийг санаандаа төсөөлөөд л. Ер нь байгалийн иймэрхүү үзэгдэл болж орчинд өөрчлөлт ормогц л нутгаа их санах юм даа.
Өнөөдрийн их цастай давхцан бас шинэ бараагаа хүлээгээд авчихлаа. Шинэ авсан Iphone-оо хайрцагнаас нь хичээнгүйлэн гаргаад, заавар журамтай нь танилцлаа. Бас компьютертээ холбоод програм суулгаж, идэвхжүүлсэн. Уул нь 80GB Ipod авъюу гэж бодож байснаа утас, интернет, хөгжим, за тэгээд ойр зуурын хэрэгцээний бүх зүйлийг багтаасныг нь бодоод нэг мөр Айфоун-ыг нь сонгочихлоо.
За тэгээд "алаагүй байхад үнэг сайхан" гэдэгчлэн худалдаж аваагүй байхад арааны шүлс асгаруулаад байсан эдээ гартаа оруулаад авчихсан чинь "ээ хөх тэнгэр минь, би юу хийчихвээ!" гэхчлэн сонголтдоо эргэлзэх ч шиг болчихлоо (хэхэ лаг сүртэй). Яваа яваандаа олон үйлдлүүдийг ашиглаад сурчихвал ч хэрэгтэй л эд шиг байна.
Гэрийн даалгавар, бичиг цаасны ажлаа бүгдийг нь хийгээд явуулчихсан чинь бүр хийх юм олддоггүй. Хоолоо идээд, телевиз хараад л, харих хоногоо тоолоод л, хажууд нь утасныхаа ид шидийг үзэх гээд л завгүй л байна. Маргаашнаас өрөөгөө хонхойлгож (өрөө цэвэрлэх - нутгийн аялгуу), ойр зуурын юмсаа эмхэлж цэгцлээд тараасан амьдралаа эмхэтгэж, хүн төрхөндөө оръё гэж. Би чинь харих гэж байгаа хүн шүү дээ (сэм гайхуулсан).

Saturday, December 1, 2007

Аян замын зүүд

Аян замдаа сайн яваад ирлээ. Ажил бүтэмжтэй, сэтгэл тэнэгэр байна. Нуруун дээр ч юмуу, сэтгэл дотроо ч юмуу тээж явсан хамаг хүнд ачаа сулраад, хөнгөрөөд нэг л аятайхан. Энэ бол зүүдний хэсэг биш, харин жинхэнэ болсон явдал.

Харин замд буцалгасан зүүдээ одоо бичье. Үдэш орой болсон хойно Вашингтон ДС-ээс Грэйхаунд-ын буухиа автобусанд суугаад Нью Иорк зүг хөдөллөө. Монголд жуулчинд яваад байдаг шиг өндөр том автобус, дотроо 00-той, хойш урагш болгон тохируулдаг түшлэгтэй суудал гээд ер нь бол тухлаг. Хүн цөөтэй учир хажуу суудал хүнгүй, шахцалдаж барихгүй сайхан явлаа. Тэгээд урд өдрүүдэд нь илээн хөдөлмөрлөсөн хүн тэр тухтай суудал дуур суугаад л нам яваад өгчихөж байгаа юм. Дээшээ, доошоо, хажуу талаараа хэвтэж, зарим үед суудал дээрээ цомцойн суух байрлал аваад, нүд бол тэр үед тас аниастай. Тэгээд бас зүгээргүй, зүүдлээстэй.

"Би нэг их дуу чимээ болсон газар хэсэг нөхдийн хамт газар орж очих юм. Цаана яваа хөгжмийн хэмнэл нэг л таашаалтай. Тийм нэг транс ч юмуу, алтернатив рок ч юмуу, лав л ардын эсвэл сонгодог биш байсан. Гэтэл хөгжим аажим чангарсаар нэг мэдсэн миний хамаг бие доргитол, тархи чичиртэл авч байна. Би хүмүүсээс хөгжмөө суллахыг гуйж байна, тэгтэл хөгжмийн дуу намсаад байж байгаад ахиад л хамаг бие, тархи, дотор эрхтнүүдийг салгалуулаад би бүр үхэх нь л гэж бодох юм. Бүр сүүлдээ тэвчилгүй тэр газрыг орхин одож байна. Тэгсэн ч нөгөө хөгжим намайг гудамжинд ч ер нь хаа явсан газар дагаастай. Тэр хөгжмөөс зугтан згтсаар эцэст нь байрандаа ирж байна, хаалга үүд, цонх саваа хааж, дангинатал түгжиж аваад дэрээ толгой дээрээ тавиад унтаж гарлаа. Нэг мэдсэн нөгөө хөгжим чихэнд дахин сонсогдоод, хамаг бие битгий хэл эргэн тойрон байгаа эд хогшил бүгд доргиж байна. Би юу билээ гэж бодсоноо гэнэт цонхоо дэлгэн хартал тэнгэр харанхуйлаад, шороо шуураад үнэн аймаар. Толгойд гэнэт газар хөдлөлт гэсэн бодол зурсхиймэгц энэ байшингаас гарах хэрэгтэйгээ санаад хаалганы зүг ухасхийв. Тэр зуураа энд надтай хамт хэн байгаа билээ гэж бодуут ээж минь санаанд орлоо, тэгээд ээжээ, ээжээ гээд хамаг чангаараа орилох гэтэл хоолой ам хатаад дуу гардаггүй, тэгсэн хаа нэгтээ миний хүү, хаа байна гэсэн ээжийн дуу гарах нь тэр. Даанч намайг олж харсангүй, нөгөө муу хоёр хөл дээрээ маажигнан цааш гүйж байна. Би наана нь ээж ээж би энд байна гэж амандаа хяхтнаж дуугарснаа сэрчихсэн. Сэрэнгүүтээ юу билээ, тэгээд цаашаа яах байсан бол, ээжтэйгээ уулзаад хэдэн үг солих минь яав даа гэж харамсаж амжиж байгаа юм.

Тэгээд болсон явдлыг эхнээс нь санах гэж оролдоод, яагаад ийм юм зүүдлэв гэж бодсон чинь харин би гэж хүн суудлын түшлэгээ налаад, толгой хажуу тийш хазайхдаа автобусны том шилэн цонхонд хүрээд яваад байж. Тэгээд толгой цонхонд хүрмэгц замын бартаа нугалаа, машины доргион чичиргээн миний тархиар дамжин биеэр тархаад манийгаа хар даруулаад байж гэдгийг бодож олонгуутаа өөртөө инээд хүрч явлаа. Тэгээд ээж минь зүгээр байгаа даа гэж бодоод өчигдөр ярьсан, эмнэлэгт хэвтэж гараад бие тэнхээ сайн байна л гэж байна.

Товчхондоо ийм л юм болсон юм.