Tuesday, October 16, 2007

Өөрийгөө хүндлэхүй

За нэг том гарчигийн дор өчүүхэн санаагаа буулгаадхая.
Бусдын хүндлэлийг олохын тулд бусдыг эхэлж хүндэтгэж сур гэдэг байх аа? Минийхээр бол өөрийгөө хүндэлж сурсан хүн л өрөөл бусдыг хүндэтгэж чадна гэж боддог юм. Хүндэтгэл гэдэг үгийн утгыг авч үзвээс өөртөө ч, бусдад ч "ХҮН" гэдэг үүднээс хандаж харьцах гэсэн үг боловуу. Хүний өөрийгөө хэрхэн хүндэтгэж байгааг ерөнхийдөө тухайн хүний биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж буй харьцаа, хүрээлэн буй орчинтойгоо харьцаж байгаа байдал, ажил хөдөлмөртөө хандаж буй хандлага зэргээр тодорхойлж болох юм.
Яагаад энэ тухай бичих болов гэвэл, би гэдэг хүн ажил дээрээ бохир заваан, эсвэл эмх замбараагүй зүйлсийг үзэж чаддаггүй. Харин гэртээ бол хамаагүй ээ, намайг хэн хэлж нохойг хэн саахав гэгчээр замбараагүй талдаа. Гэхдээ энэ нь хэсэг хугацаанд ганц бие хүний амьдралаар амьдарч байгаатай маань холбоотой боловуу. Ажил дээр эргэн тойрон зүйлс эмх замбараагүй, бохир байх нь өөрийгөө доош нь хийгээд байх шиг санагдаад байдийн.
Өнөө өглөө эрт ажилдаа очлоо, тэгсэн чинь сургуулийн коридороор нэг хог, ямар нэг шингэн дуслуулсан ул мөр гээд халтартсан юм байх. Тэгээд зүгээр хараад суугаад байж чадсангүй. Учир нь удахгүй эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дагуулсаар орж ирэх болчихсон байдаг, гэтэл тийм муухай шал шавхай дунд хүүхдүүдийг угтана гэдэг нэгд эцэг эх, хүүхдүүдийг, хоёрт өөрийгөө доромжлоод байх шиг санагдаад ер болдоггүй. Уул нь бол шал шавхайтай зууралдах нь миний ажил үүргийн хуваарьт багтаагүй эд л дээ. Гэхдээ тэвчиж чадалгүй резин бээлий углаж аваад, шалны алчуур модоо бариад л зүлгэж гарсан. Үр дүнд нь сургуулийн шал өнгө орж, тэр дунд хүүхдүүдээ угтаж авах миний сэтгэл гэрэлтээд л гийгээд л ирсэн.
Тэгээд бас болоогүй сургуулийн удирдлагадаа сургуулийн цэвэрлэгээний талаар анхааруулж мэдүүлье гэж санаад "Анхаар! Нойтон шал!!!" гэсэн тэмдэгийг нь хаалганы ойролцоо тавьчихсан гэж байгаа. Тэгсэн чинь менежер гуай мэдсэн юм шиг ердийн цагаасаа хоцорч ирсэн л дээ. Гэсэн ч гандан буурахгүй боломж гармагц менежертээ энэ тухай мэдэгдээд авсан.
Зарим хүмүүс намайг удирдлагаас оноо авах гэж үүнийг хийж байна гэж ойлгосон байна лээ. Би ч тэд нарт бид анги танхим, байгаа орчноо сургуулийн дайтай цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй, тэгж гэмээнэ бид өөрсдийгөө багш гэдгийг мэдэрнэ. Үгүй бол бид барааны агуулахад байгаа ажилчдаас ялгаа юу байна гэж ухуулав. Тэд ч надтай санал нэг байсан. Яахав хожим тэд нар намайг гэж яг таг санадаггүй юмаа гэхэд, хамт ажиллаж байсан монгол залуу нэг иймэрхүү хүн байж билээ гэж дурсах байлгүй. Энүүхэндээ л Монгол улсын төлөөлөл болж байгаа хүний хувьд өөрийгөө хүндэтгэж, өрөөл бусдыг ч хүндэлж байгаагаараа төрсөн нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг ч хүндэлж явна гэж би бодно.

2 comments:

amra said...

bravo! oor iluu dutuu ug hereggui gej bodov

M. Tuul said...

Yag l bidnii socialismiin humuujil gedeg ene baina daa. Hediigeer bid ene talaarh humuujliig huleen zovshoorohed hetsuu ch gesen Moogii chamaas Erdenechimeg bagshiin uner unertej bainaa.
Good job! Dutagdalyn hajuugaar duugai ongorohgui gedeg chini ene dee. Who cares? Who think what you are doing or flirting the manager? You just did what you believe for.