Wednesday, December 5, 2007

First day of snow

Өчигдөр орой тэнгэр бүүдийгээд, баруун өвдөгний нүдээр хатгуулаад байсан юм (өтөл мэт аашлав). Ер нь цасны сураг дуулдаад л байсан, ингэж их хэмжээгээр унана гэж хэн санах билээ.
Өглөө эрт ажилд гарахад цасан ширхэг бударч байсан, тэгсэн хагас цагийн дотор ойр орчмыг нилэнхүйд нь цагаан хөнжил шиг бүрхээд авсан. Гэр, ажил 2-ын хооронд хэдхэн алхаад орчихдог надад ч гайгүй, харин хаа холоос машин тэргээр ирдэг хэдэн багш нар хальтиргаатай зам дээр үгээ хэлж ирсэн байх. Хальтиргаа нь гайгүй байлаа гэхэд энд тэнд гарсан аваар ослоос болж зам түгжирсэн шалтгаанаар нилээд хэд нь хоцорч ирцгээсэн байсан. Цас өдөржин үргэлжилж орсоор орой тийш жаахан намжлаа. Энэ их цасыг хараад хүний нутагт ингэж ихээр унаж байхаар зарим нь Улаанбаатарт маань очиж хөвсийтөл ороод хог шороог нь далдалж, агаарыг нь цэвэршүүлдэг ч болоосой гэж сэм атаархав. Гэхдээ гандан буурахгүй ажлынхандаа болон энэ хавийн америкуудад монголынхоо дөрвөн улирлын сайхныг яриад л, тэр тусмаа өвлийн хахир жавар цас орсны дараа хэрхэн уярч зөөлөрдгийг санаандаа төсөөлөөд л. Ер нь байгалийн иймэрхүү үзэгдэл болж орчинд өөрчлөлт ормогц л нутгаа их санах юм даа.
Өнөөдрийн их цастай давхцан бас шинэ бараагаа хүлээгээд авчихлаа. Шинэ авсан Iphone-оо хайрцагнаас нь хичээнгүйлэн гаргаад, заавар журамтай нь танилцлаа. Бас компьютертээ холбоод програм суулгаж, идэвхжүүлсэн. Уул нь 80GB Ipod авъюу гэж бодож байснаа утас, интернет, хөгжим, за тэгээд ойр зуурын хэрэгцээний бүх зүйлийг багтаасныг нь бодоод нэг мөр Айфоун-ыг нь сонгочихлоо.
За тэгээд "алаагүй байхад үнэг сайхан" гэдэгчлэн худалдаж аваагүй байхад арааны шүлс асгаруулаад байсан эдээ гартаа оруулаад авчихсан чинь "ээ хөх тэнгэр минь, би юу хийчихвээ!" гэхчлэн сонголтдоо эргэлзэх ч шиг болчихлоо (хэхэ лаг сүртэй). Яваа яваандаа олон үйлдлүүдийг ашиглаад сурчихвал ч хэрэгтэй л эд шиг байна.
Гэрийн даалгавар, бичиг цаасны ажлаа бүгдийг нь хийгээд явуулчихсан чинь бүр хийх юм олддоггүй. Хоолоо идээд, телевиз хараад л, харих хоногоо тоолоод л, хажууд нь утасныхаа ид шидийг үзэх гээд л завгүй л байна. Маргаашнаас өрөөгөө хонхойлгож (өрөө цэвэрлэх - нутгийн аялгуу), ойр зуурын юмсаа эмхэлж цэгцлээд тараасан амьдралаа эмхэтгэж, хүн төрхөндөө оръё гэж. Би чинь харих гэж байгаа хүн шүү дээ (сэм гайхуулсан).

No comments: