Saturday, December 1, 2007

Аян замын зүүд

Аян замдаа сайн яваад ирлээ. Ажил бүтэмжтэй, сэтгэл тэнэгэр байна. Нуруун дээр ч юмуу, сэтгэл дотроо ч юмуу тээж явсан хамаг хүнд ачаа сулраад, хөнгөрөөд нэг л аятайхан. Энэ бол зүүдний хэсэг биш, харин жинхэнэ болсон явдал.

Харин замд буцалгасан зүүдээ одоо бичье. Үдэш орой болсон хойно Вашингтон ДС-ээс Грэйхаунд-ын буухиа автобусанд суугаад Нью Иорк зүг хөдөллөө. Монголд жуулчинд яваад байдаг шиг өндөр том автобус, дотроо 00-той, хойш урагш болгон тохируулдаг түшлэгтэй суудал гээд ер нь бол тухлаг. Хүн цөөтэй учир хажуу суудал хүнгүй, шахцалдаж барихгүй сайхан явлаа. Тэгээд урд өдрүүдэд нь илээн хөдөлмөрлөсөн хүн тэр тухтай суудал дуур суугаад л нам яваад өгчихөж байгаа юм. Дээшээ, доошоо, хажуу талаараа хэвтэж, зарим үед суудал дээрээ цомцойн суух байрлал аваад, нүд бол тэр үед тас аниастай. Тэгээд бас зүгээргүй, зүүдлээстэй.

"Би нэг их дуу чимээ болсон газар хэсэг нөхдийн хамт газар орж очих юм. Цаана яваа хөгжмийн хэмнэл нэг л таашаалтай. Тийм нэг транс ч юмуу, алтернатив рок ч юмуу, лав л ардын эсвэл сонгодог биш байсан. Гэтэл хөгжим аажим чангарсаар нэг мэдсэн миний хамаг бие доргитол, тархи чичиртэл авч байна. Би хүмүүсээс хөгжмөө суллахыг гуйж байна, тэгтэл хөгжмийн дуу намсаад байж байгаад ахиад л хамаг бие, тархи, дотор эрхтнүүдийг салгалуулаад би бүр үхэх нь л гэж бодох юм. Бүр сүүлдээ тэвчилгүй тэр газрыг орхин одож байна. Тэгсэн ч нөгөө хөгжим намайг гудамжинд ч ер нь хаа явсан газар дагаастай. Тэр хөгжмөөс зугтан згтсаар эцэст нь байрандаа ирж байна, хаалга үүд, цонх саваа хааж, дангинатал түгжиж аваад дэрээ толгой дээрээ тавиад унтаж гарлаа. Нэг мэдсэн нөгөө хөгжим чихэнд дахин сонсогдоод, хамаг бие битгий хэл эргэн тойрон байгаа эд хогшил бүгд доргиж байна. Би юу билээ гэж бодсоноо гэнэт цонхоо дэлгэн хартал тэнгэр харанхуйлаад, шороо шуураад үнэн аймаар. Толгойд гэнэт газар хөдлөлт гэсэн бодол зурсхиймэгц энэ байшингаас гарах хэрэгтэйгээ санаад хаалганы зүг ухасхийв. Тэр зуураа энд надтай хамт хэн байгаа билээ гэж бодуут ээж минь санаанд орлоо, тэгээд ээжээ, ээжээ гээд хамаг чангаараа орилох гэтэл хоолой ам хатаад дуу гардаггүй, тэгсэн хаа нэгтээ миний хүү, хаа байна гэсэн ээжийн дуу гарах нь тэр. Даанч намайг олж харсангүй, нөгөө муу хоёр хөл дээрээ маажигнан цааш гүйж байна. Би наана нь ээж ээж би энд байна гэж амандаа хяхтнаж дуугарснаа сэрчихсэн. Сэрэнгүүтээ юу билээ, тэгээд цаашаа яах байсан бол, ээжтэйгээ уулзаад хэдэн үг солих минь яав даа гэж харамсаж амжиж байгаа юм.

Тэгээд болсон явдлыг эхнээс нь санах гэж оролдоод, яагаад ийм юм зүүдлэв гэж бодсон чинь харин би гэж хүн суудлын түшлэгээ налаад, толгой хажуу тийш хазайхдаа автобусны том шилэн цонхонд хүрээд яваад байж. Тэгээд толгой цонхонд хүрмэгц замын бартаа нугалаа, машины доргион чичиргээн миний тархиар дамжин биеэр тархаад манийгаа хар даруулаад байж гэдгийг бодож олонгуутаа өөртөө инээд хүрч явлаа. Тэгээд ээж минь зүгээр байгаа даа гэж бодоод өчигдөр ярьсан, эмнэлэгт хэвтэж гараад бие тэнхээ сайн байна л гэж байна.

Товчхондоо ийм л юм болсон юм.

No comments: