Monday, December 10, 2007

Baby shower or Baby wash


Удахгүй явлаа гэж бодохоор л хөл хөнгөрөөд, байн байн календар эргүүлж хоног тоолоод, тогтож сууж чадахаа байлаа. Монголд ч гэсэн манай хэд, тэр дундаас ээж, эхнэр 2 маань бүр ч илүүтэйгээр догдолж байгаа.

Ганц амардаг өдрөө эндхийн Костко хэмээх бөөний дэлгүүр явж, хэдэн дүү нараа баярлуулах чихэр жимс тэргүүтэн, ээж эгч, бэрүүдээ баярлуулах дарс, хоол амтлагч тэргүүтэн, за тэгээд хөгшчүүд хүүхдүүдийн витамин, аав, ах нартаа ориг Марлборо гэсээр хагас сая төгрөгний наймаа хийчихлээ. Уул нь мөнгөө кармаалж яваад, монголынхоо зах зээлд нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж аль дээрээс санаж байсан ч "агаа гадаадаас ирнэ" гээд алгаа тосоод сууж байгаа жаахан дүү нараа бодоод яаж ч чадсангүй суурин дээрээ 360 градус эргэчихсэн. За тэгээд юмаа мэдэж худалдан авна гэдэг амаргүй байлаа, нэг найзтайгаа явсны хүчинд шилж сонгож янз бүр болсон ч үгүй, шууд л гарт таарснаа шүүрч авсаар хагас цагийн дотор л амжуулчихсан. Тэгээд ч дэлгүүрт ороод ямар нэг бараа хайхаар залхуутай санагддаг тул тэр болгоныг үзэж үнгээд байдаггүй, бараан дундуур явж байхдаа л таалагдсан бараагаа нэг барьж, үнийг нь харчихаад л үнэ тохирч байвал шууд авдын.

За энэ ч яахав. Үндсэн сэдэвтээ оръё.


Энд манай сургуулийн менежер хүүхэн юу юугүй төрөх дөхчихсөн. Тэгээд манай багш нар түүнд зориулж маргааш Baby shower гэж тэмдэглэх юм гэнээ. Би энэ тухай урьд нь мэр сэр сонсож байснаас яг нүдээрээ үзэж, биечлэн оролцож байсан нь үгүй. Ямар сайндаа өнөөдөр Baby wash гэж андуурч хэлээд бусад багш нараа баахан инээлгэх шив. Тэгсэн удахгүй мэндлэх хүүхдийг угтан баярлуулах өдөр юм шиг байна. Ээжид нь бэлэг өгч, хамт хоол идэж суух юм байна.

Ямар ч гэсэн маргааш ягаан өнгийн хувцас өмсөж ирээрэй гэсэн. Над чинь өмсье гэхнээ ягаан хувцас алга, ихэвчлэн хар хөх, цэнхэр, саарал, бор голдуу хувцастай юм байна. Аа тийн, сая Чикаго явж ирэхдээ нэг улаан ноосон цамц авсан юм байна. Гэхдээ тэр тохирохгүй, харин нэг чернилэн ягаан, бор, хөх, ягаан холимог судалтай цайныхаа цамцыг гаргаж өмсөхөөс. Тийм тод юм өмсөхөөр хамаг бие шатчих гээд эвгүй байдын. Гээд яахав Baby Wash-ыг хүндэтгэх хэрэгтэй.

No comments: