Monday, November 26, 2007

Өнгөрсөн өдрүүдээр

11-р сар ч юу юугүй шувтрах дөхлөө дөө. Америкчуудтай зэрэгцээд Талархалын баярыг нь тэмдэглэж нилээн ч сайн амарч авлаа. Баярын орой айлын эмээгийн оройн зоогонд уригдаж, цацагт хяруулын мах, нухсан төмс, жимсний царцмаг, бялуу, бас бус нэрийг нь битгий хэл зүсийг нь ч үзэж байгаагүй ногоо жимсээр цадтал дайлуулав. Эмээгийн найз авгай гээд америкийн төрийн томоохон байгууллагад сүлжээний инженер хийдэг, түс тас яриатай эмэгтэй бас ирсэн байлаа. Тэгээд хоол идэнгээ түүний эрхэлдэг ажил, Иран, Иракын талаар АНУ-ын бодлого, бүр цаашлаад ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах магадлалтай байна, хэнийг нь дэмждэг вэ этэр гээд л өөрийн хэрээс хэтэрсэн баахан л зүйл асууж шалгаав. Бас тэр хоёрт Монголын тухай сонирхсон зүйлсийг нь ярьж өгч баярын зоог бол ерөнхийдөө сайхан болсон.

Тэр орой гадагш гарч айл хэсмээр санагдаад хамаатны ах эгч рүүгээ руугаа утас цохисон. Намайг хүрээд ир л гэж байна, гялс хувцаслаж аваад л автобус метро хөлөглөөд очих юм боллоо. Тэгсэн чинь тэд нар наашаа өөр нэг хамаатныд ирцгээнэ, тэднийд уулзалдаад цаашаа хамт явъя гэнэ. Тэгээд зам зуураа наагуур байдаг хамаатныдаа ортол эгч таваг дүүрэн бууз, данх дүүрэн цай, түмпэн дүүрэн салат хийчихсэн, бас хэсэг зочидтой сууж байна. Зочидтой гар барин мэндчилээд шууд л хоол руу нь дайрлаа. Хавьд бууз амсаагүйг хэлэхүү бөөн сюрприз, ах ч тавагаар овоолоод л идэж гарлаа. 2, 3 дахиа идэж дуусаад ер нь нэгийг бүтнээр нь амандаа хийчихье гэж бодоод яг хийтэл зочдынх нь нэг надаас юм асуудаг юм байна. Дүүрэн буузтай амаар дуугарах хэцүү, буузаа шууд залгичих бүр хэцүү хэсэг зуур нүдээрээ дохиж, гараараа зангаж байж арайхийж буузаа залгичихаад хэзээ хойно асуултанд нь хариулж этэр.

За тэгээд хоол унд идэж дуусаад таван гар муушигдав. Энд хүмүүс ямар зүгээр тоглох биш, аз харина гээд цөөн хэдэн төгрөг ч болов тавьж байж тоглоно. Би тэр мөнгөнд нь нээх улайраад байдаггүй юм. За тэгээд тоглоом эхэллээ. Над мод ирэхгүй хэсэг байж байгаад л бөөндөө ирнэ. Тэгээд овоо урагшилж байгаад л үсэрчихнэ. Тэгж тэгсээр 30-аад төгрөг алдав, таван гар ч дууслаа. Тав тоглоход ердөө хоёр хүн л ээлжилж хожсоор маниудынхаа мөнгийг хуваагаад хүртдэгийн. Тэгээд хожигдсон гурван гар ээлжилж боолт хийнэ гээд, азаар өөрийн боолт дээрээ гарч алдсан мөнгөнийхөө талыг эргүүлж авсан. Тоглож байхдаа хэд хэдэн удаа үсэрсэн нь миний муугийнх биш, харин харааны шилээ зүүгээгүйгээс хөзрөө буруу хараад, цэцэг хөзөр байхад баахан гил атгачихна, эсвэл дөрвөлжин хөзөр байхад бөөн бундтай л тоглоно гээд л орчихно.

За тэгээд хамаатныдаа хоночихоод өглөө нь бөөнөөрөө баярын хямдралыг далимдуулж дэлгүүр хэсэв. Өвөл болж байхад өмсөх дулаан хувцасаа базаагаагүй байсныг ч хэлэх үү өдөн куртка, малгай ороолт, хэдэн ноосон цамц авах шив. Энд ч өвөл нь хүйтэрч шалихгүй л дээ, харин удахгүй нутаг буцах гэж байгаа болохоор дулаан хувцас л аминд минь орох байх. Хувцас гэснээс манайх эцэг эхээс долуулаа, хоёр ах, нэг эгч, хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүү, би өөрөө айлын дундах нь. Намайг бараг онгоцноос буунгуут л манай хоёр дүү би ч энийг нь авна, надаа тэрийгээ өгөөрэй гээд л хамаг хувцасыг минь өмчилчихдөг юм. Тэгээд л ах жаал хувцас хунар базааж очно, буцаж ирэхдээ хамаг юмаа хураалгачихаад ирдэг хүн дээ.

Дэлгүүр хэсэж ирээд нөгөө урд нь хононо гэж байсан хамаатны ахындаа хэдүүл өөрсдийн гараар бууз хийж идээд, 2-3 шил пиво цааш нь харуулаад амарцгаасан. Тэгээд өглөө нь гэрийн зүг яарч байгаа юм чинь, бор ч гэсэн богдын өргөө гэдэг шиг энэ умгар өрөөндөө 2 жил гаран амьдарчихаар чинь ямар ч сайхан айлд хоносноос хамаагүй тухтай санагдаад байдаг юм. Гэртээ ирээд ойр зуур хөглөрсөн зүйлсээ эмхэлж аяга цай чанаж уучихаад ойрхон байдаг вьетнам шөлний газар очиж аяга шөл авч идэв.

Орой нь Эмоушн хамтлагийн тоглолт үзэх гэхээр ганцаардаад, энд байдаг нэг танил руугаа утас цохиж хамт үзэхээр болоод, 7 цагтай уралдаад очтол 6-д эхлэх тоглолт нь эхлээгүй л байлаа. Гадуур дотуур хөлхөлдсөн монголчууд олон. За ер нь үзэх гэж байгаа хүмүүсийн 70-аас илүү хувь нь 20 хүрэхгүй насны хүүхдүүд харагдсан. Тэгээд нэг буцдаг ч юмуу гэж бодсоноо, за өтөлснөөс үхсэн биш дээ гэж бодоод билетээ аваад орж үзэхээр шийдсэн. Үүдэнд нь Чинбатын гаргасан хоёр ч диск зарж байгаатай таараад хоюулангаас нь авлаа. Төгөлдөр хуурын бүтээлүүд байна лээ. Тэгээд тоглолтоо үзсэн, Эмоушны гурван охины дуулсан монгол, англи дуунууд таалагдсан. Үзсэн хүн бүр л өөр өөрийнхөөрөө дүгнэсэн байх, над бол дуулж байгаа, бүжиглэж байгаа, цаана тоглож байгаа хөгжимчдийн тоглолт этэр нь асар дажгүй санагдсан. Тоглолт үзэнгээ бас нилээн пиво уусан, уусныхаа зоргоор байн байн 00 гүйх хэрэг гарч этэр, намайг 00-д байх хугацаанд бас аятайхан дуунууд нилээн дуулагдсан байх гэж харамсаж байна.

Тэгээд шөнө нилээн орой болсон хойно автобус метрогоо хөлөглөөд гэрийн зүг. Эндхийн нэг сайхан юм нь автобус зогслоо ч шөнийн автобус явна.
За тэгээд бүтэн сайнд гэртээ бүтэн өнжиж, хийж дуусгаагүй байсан хичээлүүдээ ахиулсан. Орой нь Бостонд байдаг багштайгаа имэйлээр харилцаад л, сүүлдээ багш өөрөө над руу утсаар залгаж яриад энэ 4 дэх өдөр Бостон явахаар боллоо. Тэгээд төгсөх шалгалт энэ тэрээ өгөөд, монгол явахаасаа өмнө хоёр яс салъя байз.

За тэгээд өнөөдөр ажилдаа буцаж орж, нөгөө л нэгэн хэвийн амьдралдаа буцаж ирлээ. Өнөөдөр өглөөнөөс хойш нэг л бүрхэг, дүнсгэрдүү байснаа орой яг ажил тарахын алдад өдөржин уурлаад дүнсийгээд байсан тэнгэр авхай чинь учиргүй асгаруулдаг байгаа. Азаар ажил дээрээ шүхрээ аль дээр үед орхичихсон байсан. Бас шинэ авсан хар өдөн курткээ өмссөн байсныг хэлэхүү, хар шүхэр, хар куртктэй залуу 11-р сарын бороон дунд ажрах ч гүй алхсаар гэртээ ирсэн. Тэгж алхаж явахад November rain гэж дуу санаанд шууд орж ирэв.

3 comments:

M. Tuul said...

Namaig Chinbaagiin CD yavuulah geseer baital chi hudaldaad avsan yum shig baina daa. Medeelel.com deer togloltyn zurag garsan baisan. Chamaig baih bolov uu gesen alga baina lee. Magadgui 00 yavsan hoiguur tani avsan baihaa. (Nargia)

Anonymous said...

hi

Anonymous said...

hehe ailiin buuz yasan aimar iddeg uim be? Ezded yu ch uldeegeegui bololtoidogoo Muugii